Билэгт ард түмний минь цэцэн оюун үргэлжилж буй нь энэ...
Хүн бүхэн өөрийн гэсэн дуу хоолойтой , басхүү эрэл эгээрэлтэй аж.Түүний дундуур , тэр олон тэнгэрийн заадас мэт будан дундуур энгийн атлаа ур гоёл нь утга санаа нь зохисон өвөрмөц нэгэн яруу найрагч гарч ирсэн нь Чимэдравдангийн Мягмарсүрэн юм.
“Тэрээр надтай нэгэнтээ учрахдаа цэцэн гоё шүлэг бичиж би чадна. Гэхдээ надад зохидоггүй юм. Гэж хэлээд ” дүрлэгэр алаг нүдээрээ хариулт нэхэн ширтэж билээ ... арга буюу үнэн үгний шалаанд орсон би сандарч , уг нь наадамд гоёод очиж байгаа хүнийг бус наадам дээрээс буцаж яваа хүнийг л бичвэл ...”гэсхийгээд өнгөрсөн юм хэмээн монгол улсын төрийн шагналт , соёлын гавъяат зүтгэлтэн , ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичсэн байдаг.
Яруу найрагч Ч.Мягмарсүрэн Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малчны гэрт төржээ. Хөдөөгийн жирийн хүүхдүүдийн адил бага насаа өнгөрөөж , сургууль соёлын мөр хөөн эдийн засагчийн дээд мэргэжил эзэмшээд , нэгэн үе Монголын радиогийн хөдөө аж ахуйн редакцид редактороор ажиллаж уран бүтээлээ туурвиж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Түүний уран бүтээлд эгэл жирийн ард түмний ариун цагаан сэтгэл , хөөр баяр , монгол ухаан , аж амьдрал , монгол сэтгэлгээ , монгол гүн ухаан тусгагдсан байдаг .
Уншигч , нөхөд нь түүнийг “Сумын заан” Мягаа хэмээн нэрлэдэг нь түүний уран бүтээл ард түмэнд хэрхэн хоногшиж үлдсэнийг харуулах буй за.
Монголын ард түмэн “Сумын заан” , “Байрны хүүхэд ” , “Бодол” гэх мэт олон шүлэг уран бүтээлийг зохиогчоос нь илүүтэйгээр мэддэг билээ. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл уран бүтээл бол мөнхийн зүйл , мөн зохиолчийнхоо чадвар чансааг харуулж байгаа юм. Түүний шүлэг яруу найргийг үндсэн 4 бүлэг болгон авч үзэж болно.
1. Морь, бөх орсон монгол наадмын шүлгүүд
2. Хайр дурлал, залуу нас, янаг амрагийн сэдэвт шүлгүүд
3. Цэрэг эх орны сэдэвтэй шүлгүүд
4. Уул ус, ах дүү элгэн садан,орчлон хорвоогийн мөн чанарыг эрэгцүүлсэн ухаарлын өнгө аястай шүлгүүд хэмээн судалж болох юм.
Оросын шүүмжлэгч В.Г.Белинскийн тодорхойлсноор уран зохиол урлагийн анхдагч, дээд төрөл бөгөөд “дүрт сэтгэлгээ”, “хөдөлгөөнт гоо зүй” болно. Онолын үүднээс үзвэл уран зохиол цаг хугацаа, орон зай, хөдөлгөөний урлаг бөгөөд объектив, субъектив хоёр хүчин зүйлийн харилцан нэгдлийн үр дүн мөн. Уран зохиолын язгуур шинж чанарыг илэрхийлэгч дүрслэлийн гол арга хэрэглүүр нь хэл юм. Мөн түүнийг бүтээгч материал ч болно. уран зохиолын үг, хэлний ид шидээр дүр амилуулж түүгээрээ дамжуулан хүний амьдралын үзэгдлүүдийг гадаад талаас төдийгүй дотоод тал тэрчлэн хүний санаа сэтгэлийн дотоод нууцад нэвтрэн орж илэрхийлдэг байна. Үг хэлний ачаар нийгмийн үзэл санаа хийгээд уг үзэгдэл, явдалд хандах олон нийтийн бодол, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл байр суурийг ч тодорхойлон гаргаж чадна. Иймд уран зохиол дүрслэх боломж, дүрслэлийн цар хүрээ, нээн харуулах боломжоороо урлагийн бусад төрлөөс давуу юм. Тэрээр
1.Морь, бөх орсон монгол наадмын шүлгүүд
“Сумын заан”
Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
Аз дутаж
“Алдарт”-т ороогүй
Сумын заан
Ардын хувьсгалын их баяр наадамд
Аваргуудыг
Араажваар цоллоход
Өөрийгөө цоллосон шиг баярладаг
Гуяан алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн шиг
Эрэлд явж
“эр бор харцагыг”
Тэрлэгээ гандтал хээр дуулж
Морь шинжиж өссөн бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо сурсан
Ганц мэхээ
Хориогүй ч хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс залууг
Зартайгаас зааныг ч давдаг
Заан
Ганц тэр мэх нь гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
“Манаатай хө” гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Наадмаа чимсэн заан
Настнаа баясуулсан заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж Сур элдэж
Адуу дэллэж
Сумандаа л барилдаж
Дандаа биш гэлээ ч түрүүлж
Даага хөтөлсөн сумын заан
Дээс алхаж барилдахаар
Одвол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөд арсаж зодоглохоор
Одвол
Өвгөд нь уйдах сумын заан.
Энэ шүлэгт өмнө хэлсэн монгол эр хүний хээ шаагүй гүндүүгүй зан чанар, мөн Сур элдэж Адуу дэллэх гэх мэт монгол ахуйн дүр дүрслэлээр дамжуулж монгол хэлний хязгааргүй боломж чөлөөт сэтгэлгээ, нийгмийн үзэл санаа хийгээд уг үзэгдэл, явдалд хандах олон нийтийн бодол, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл зэрэг олон асуудлыг гаргасан байна.
Адууны үнэртэй нутаг
Адууны мөртэй нутгийн сайр минь
Ангирын өндөгтэй нуурын хөвөө юм
Адууны мөртэй нуурын хөвөө минь
Ангирын өндөгтэй нутгийн сайр юм/1/
Адууны тоостой ангирын өндөг минь
Амины үнэтэй хөрст дэлхий юм
Адууны тоостой хөрс дэлхий минь
Амины үнэтэй ангирын өндөг юм/4/
“Адууны үнэртэй нутаг”энэ шүлэг нь хэлний боломжийг чөлөөтэй ашиглаж уран сэтгэмжээр баяжуулан хоёр хоёр мөрөөр нь утгыг нь сөөлжүүлэн урласан нь монгол уран зохиолд хэлбэрийн хувьд шинэлэг сонирхолтой болгож байна.мөн шүлгийн дөрөвдүгээр бадаг нь адууны тоостой ангирын өндөг минь амины үнэтэй хөрст дэлхий юм хэмээсэн нь дэлхийг хүн болгон янз бүрээр бичдэг хэдий ч энэ шүлгийн мөрүүд шиг уран гоёор зүйрлэж жинхэнэ монгол ухаанаар дүрсэлж чадсан нь ховор бөгөөд гайхамшигтай амьд болгож чаджээ.
Наадмын урд шөнө
Дээдсийн үеэс суусан мөөмөн цагаан гэр
Дээд бүслүүрээ хүртэл хаяа нь шуулттай
Дэлхийн амьсгалаар оволзсон мөнгөн цагаан судас
Дэрэн доогуур мяралзах Чулуут минь шуугиантай
Ханын нүд бүхэн орчлонтой намайг холбож
Хамаг бие минь хангайн салхин бүүвэйтэй
Ханын дөрвөлжин нүдээр гадагш шохоорхон харвал
Хараа сая нээсэн мэт орчин байгаль сонихон
Алиман сарны туяа, голын харгиа малгайлж
Аавын эмээлийн мөнгөн баавар шиг шинэхэн
Магад энэ шөнө үүрээр тэнгэр намсан
Манан дундаас одод жуумалзах нь гэнэхэн
Хадат уулын бэлээр адуу бэлчээрлэх бололтой
Хааяа үүрсэлдэн чимээлэх нь хэрсүү
Ханат гэрийнхээ хойморт аав минь түшигтэй
Хаа үдшээс сэрхийх ч үгүй унтах нь уужуу
Эрх бага нас минь уяа морьдын хорхойтой
Эрхгүй энэ шөнө нойр хүрэхгүй адгуу
“Наадмын урд шөнө” энэ шүлэг эгэл жирийн амгалан тайван монгол айлын дүр зураг наадмын урд шөнийн нойр хүрэхгүй хулжих догдолсон сэтгэлийн өнгө аяс орчин тойрон байгалийн зураглал мөн далд билэгдэл /симбол/ зэргийг уран бөгөөд зүрх сэтгэлийн гүнээс хүчтэй гаргасан нь ур хийцийн давтагдашгүй бүтээл болгожээ. Мөн Дээдсийн үеэс суусан мөөмөн цагаан гэр, Дэрэн доогуур мяралзах Чулуут минь шуугиантай,
Ханын нүд бүхэн орчлонтой намайг холбож гэх мэт мөрүүд нь энэ шүлгийг чимхийн зэрэгцээ монгол гүн ухааны онцлог харагдаж байна. Тэр тусмаа Ханын нүд бүхэн орчлонтой намайг холбоно гэдэг бол хамгийн гайхалтай хэзээ ч давтагдахгүй жинхэнэ гоо сайхны нээлт болсон мөр юм.
Бойтогны хонх шиг
хүүхдүүдийн хоолой жингэнэж
Бор талын тэртээгээс
дааганы уралдаан эргэнэ.
“дааганы уралдаан” хэмээх шүлэг сэрэл мэдрэмжээр бичигджээ.бойтогны хонх шиг дуугарах хоолой бол яах аргагүй даага унадаг хүүхдийн хоолой чихэнд сонсогдох шиг л болж байна. Харин их нас юмуу азарга насны морь унадаг хүүхэд бол арай том арай өөр хоолой. Юм байраа олж зохицоно гэдэг бол үүнийг л хэлнэ.
Түүнчлэн энэ сэдвээр бичигдсэн “Мөнхбат аварга”, “Тэнгэрийн цэнхэр морьд”, “Их наадмын тоос”гээд монгол хүний хииморыг бадрааж, сэтгэлийг сэргээх олон сайхан шүлэг бий.
2. Хайр дурлал, залуу нас, янаг амрагийн сэдэвт шүлгүүд
Айлын охин
Арван наймтай
Айлгүй ч гэмээр
Гэнэхэн аальтай
Мөнч их инээдэгсэн
Мөнгөн ээмэг нь жингэнээд л...
... мөн ч их инээдэгсэн.
Энэ шүлэг энгийн хэрнээ сэтгэлд хоногшим сайхан нь мөнгөн ээмэг жингэтэл инээнэ гэдэг нь ёстой нөгөө гоо сайхныг мэдрэх мэдрэмж юм. Мөнгөн ээмэг жингэнэж цуурайттал инээнэ гэдэг бол арван найм хүрч байгаа ариухан, аальгүй, гэнэн бүсгүйн шинж мөн. Үүнийг мэдрээд бичнэ гэдэг бол хэр баргийн хүн бичих зүйл биш. Яруу найраг бол яруу үгсийн цуглуулга биш гоо сайхныг мэдрэх,ертөнцийн юмс үзэгдлийг таних урлаг гэдгийг харуулж байна. Ч.Мягмарсүрэн энэ мэт олон шүлгээрээ хэр зэргийн далайцтай яруу найрагч болхоо бидэнд таниулж чадсан.
Жимсэнд явсан өдөр
Цэцэг дамжсан эрвээхэй нисэж буусан өдөр
Цэв цэлмэг өглөөгүүр нар шарсан өдөр
Чи бидэн хоёр жимсэнд явсан өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр
Халтар хархан асга чимээ чагнасан өдөр
Хажуухан талан ширэнгэнд гөрөөс буухирсан өдөр
Чиний минь бяцхан гарт өргөс орсон өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр
Боривон дороос босож туулай цочоосон өдөр
Бодол болсон оройдоо тэнгэр бороошсон өдөр
Холын хол ууланд хоюулаа явсан өдөр
Хоёрын хоёр бортого хоосон буцсан өдөр
Чи бидэн хоёрын жимсэнд явсан өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр
Нартай бороотой зуны оломцог норгосон өдөр
Намайг чамаас чамайг надаас олсон өдөр
“Жимсэнд явсан өдөр” энэ шүлгээс залуу хосын адал явдалт нэгэн өдрийг уран яруу гоо сайханлаг, чихнээ чимэгтэй, сонсголонт аялгуу, тунгалаг гэгээлэг дүрсэлж чадсан нь нэн сонирхолтой. Залуу байхад юм бүхэн сайхан гэдэг онч үгийг хачир болгоход илүүдэхгүй биз ээ. Манай монгол ахуй уламжлалд тэр дундаа хангай нутагт залуу хосын болзоо гэдэг жинхэнэ утгаараа жимсэнд явах юм. Үүнийг мнай яруу найрагч цаанаа далд утга санаа агуулж, билэгдэл/симбол/ , хэлбэр/формал/, зэргээр баяжуулж бичсэн байна. Энэ шүлгийн санаа, уран сэтгэмж бол залуу хосын бие биенээ хайрлах сэтгэл,чив чимээгүйн дунд байтал ямар нэгэн чимээ гархад догдлох догдлол гэх мэт дотоод далд түгшүүр зэргийг мэдэрч бичжээ.
Чиний минь бяцхан гарт өргөс орсон өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр
Холын хол ууланд хоюулаа явсан өдөр
Хоёрын хоёр бортого хоосон буцсан өдөр
Нартай бороотой зуны оломцог норгосон өдөр
Намайг чамаас чамайг надаас олсон өдөр
хэмээн хэн бүхэнд ойлгомжтой дүрсэлсэнээс үүдээд энэ шүлгийг монгол “үүл борооны явдал” буюу эротик бүтээлийн айд багтана гэж үзэж байна. Мөн нэг онцлог бол энэ шүлгийг сүүл холбоц буюу дан нэг үгээр төгсгөсөн нь хэлбэрийн хувьд шинэлэг бөгөөд,сонсголонтой, аялгуутай болгосон байна. Энэ сэдвийн хүрээнд үзээд байвал олон сайхан бүтээл туурвижээ.
3.Цэрэг эх орны сэдэвтэй шүлгүүд
Саран наран дүйж
Гийгүүлсэн эх орон
Санаа буруутанд хоргох зайгүй
Хайр хайраа зүйж
Хамгаалсан эх орон
Харь дайсанд гишгэх газаргүй
Эх орныхоо тухай бичдэггүй яруу найрагч гэж хорвоо дэлхийд байхгүй ээ. Яруу найрагч хүн эх орны тухай шүлэг бичнэ гэдэг бол эх орноо, эх хэлээ харийн дайснаас хамгаалж байна гэсэн үг энэ үүднээсээ бодсон ч Ч.Мягмарсүрэн эх орныхоо төлөө гал цогтой тэмцэж байна гэж ойлгож болмоор...
Торгон хилийн харуул
Долоон бурхан чанх голлохын үед
Догшин хөх тэнгэр зүүрмэглэнэ
Үүр бутандаа шувууд үүрэглэнэ
Үес үесхэн салхи намасхийнэ
Дорноос үүрийн цолмон тормойх үед
Домогт буурал тал зүүрмэглэнэ
Сэм сэмхэн үнэг үүрэглэнэ
Гэнэ гэнэхэн салхи намсхийнэ
Үүр шөнө хоёр хагацахын үед
Үрээ бүүвэйлсэн эх үүрэглэнэ
Үнэг үүрэглэнэ, шувууд үүрэглэнэ
Үес үесхэн салхи намсхийнэ.
Үнэг үүрэглэн, шувууд үүрэглэн,
Үес үесхэн салхи намсхийн... гэтэл
Тор тор алхаа состоно
Торгон хилийн харуул солигдоно.
Энэ шүлэг мөн далд билэгдэл хийгээд этгээд сонин зураглал, намуухан, нам гүм мэдрэмж төрөх үүр шөнө солигдох торгон агшныг мэдэрч уянгалаг сайхан өнгө аяс мэдрэгдэж байна. Бүх юм зүүрмэглэж байхад хилийн харуул солигдоно гэдэг бол эх минь бат бэх торгон хил нь найдвартай сайн байхыг билэгджээ...
5. Уул ус, ах дүү элгэн садан,орчлон хорвоогийн мөн чанарыг эрэгцүүлсэн ухаарлын өнгө аястай шүлгүүд
Би
Би сүүний дусал
Би ээжийн сүүний дусал
Эрүүл салхи
Эгэл бор шороо
Эх нутгийн хураас эхтэй
Би сүүний дусал
Би ээжийн сүүний дусал
Алтан нарнаас гал дусах шиг
Арван сар чинэсэн хөхнөөс
Амь болж дуссан
Би сүүний дусал
Би ээжийн сүүний дусал
Нар зөв эргүүлэгтэй
Наран сарны гэрээтэй
Насан балчрын үнэртэй
Би сүүний дусал
Би ээжийн сүүний дусал
Ээжийн биеийн илчтэй
Эмчийн ариун чанартай
Ээдэж гашлахгүй
Би сүүний дусал
Ээжийн сүүний дусал.
Бодол
Ирэх буцахын ганцханд
Эхийн хэвлийг шилсэн бол
Бүүвэй аялдаг ээжийдээ
Бүрэлдсэн минь оножээ
Толио цэнхэр дэлхийд
Тоонот газраа шилсэн бол
Толгой гууны хаваржаандаа Тохиосон минь оножээ.
Хуудуу явахгүйн дэнсэнд
Хувь заяагаа шилсэн бол
Утаат борхон гэртээ
Унасан минь оножээ
Энэ хоёр шүлэг бол ур хийц хэлбэрийн хувьд өөр боловч цаад гүн утга санаа агуулга нь ойролцоо юм . Хүн бүхэнд өөрийн өөрийн хувь төөрөг гэж бий. Харин тэрхүү бидэнд заяасан өөр өөрийн хувь төөрөг дэх нандин зүйлс болох ижий аав , нутаг орноо дээдлэн хүндэтгэж , сэтгэлдээ эрхэмлэж явах л хамгийн аугаа зүйл юм гэдгийг зохиолч энгийн атлаа сэтгэл хөдөлгөм бичсэн нь өдгөө хүн бүхний сайн мэдэх , амандаа аялах дуртай дуунуудын нэг болж чадсан .
Чимэдравдангийн Мягмарсүрэн нь өөрийн гэсэн өнгө аястай , аливаад адгахгүй алдар хүндэд бол бүр үгүй ирнэ гэсэн бол ирдэг явна гэсэн бол явдаг өөрийн зантай нь шүлгэнд нь хүртэл мэдрэгдэнэ.Эх газрын татах хүчинд бөх уяатай найрагч байлаа ...
Яруу найрагчид нисэж бууж хоосон цэцэрхэлд бие сэтгэлээ алдаж л байдаг улс тэгэхэд Ч.Мягмарсүрэн бол өвсний хагсуурга , чулууны сэвхнээс нь эхэлж боддог бичдэг хүн хэмээн яруу найрагч Б .Лхагвасүрэн бичсэн нь үнэний мөртэй бөгөөд тэрээр монгол сэтгэлгээтэй , монгол ахуйг дүрсэлж чаддаг жинхэнэ гүндүүгүй эгэл яруу найрагч байлаа.
Ном зүй:
· Чимэдравдангийн Мягмарсүрэн “Бодь сэтгэл” Улаанбаатар хот 1990 он
· Чимэдравдангийн Мягмарсүрэн “Эр хэрлэн” Улаанбаатар хот 2004 он
· Д.Галбаатар “Уран зохиолын онолын ойлголт , нэр томъёоны тайлбар толь”
Токио 2002 он
· Ч.Билигсайхан “Ухаарахуй” Улаанбаатар хот 2003 он
No comments:
Post a Comment