2014/03/27

Бороотой өдрийн бодлууд минь...




 










Анхны бороонд бодлоо норгон
Алдуурсан сэтгэлээ татан алхамуй
Энэхэн замбуулинд ирсэн үйлээн гүйцээх л гэж  
Эрээн бараантай бүрхэгхэн хорвоог туучна

Эхийнхээ алтан хэвлийгээс яг л энэ
Бороон дуслууд шиг унасан юмсан би
Энэлэнт их газар дэлхий минь
Ширхэгхэн  элс, хэлтэрхий чулуу хэмээн тосон авсансан
Хөх мөнх тэнгэр, лус савдагууд минь
Бурхадаас илгээсэн бороон дусал хэмээн хайрладагсан

Бороон дуслууд минь бодол, сэтгэлийг минь шалба норгооч
Бүдэгхэн холын садангууд минь бүлээн зүрхэнд минь айлчлаач

Анхны бороонд анхныхаа хайртай учирсан
Аминчхан сэтгэлийн үнэнийг сэдрээлээдээ
Ай анхны бороо минь, ай алагхан хорвоо минь
Амьдралын мөн чанарыг ухаарах зурвасхан гүйдлийг
Алагхан зүрхнийхээ гүнд мэдэрлээ
Ай анхны бороо минь, ай алагхан хорвоо минь

Бороон дуслууд минь бодол, сэтгэлийг минь шалба норгооч
Бүдэгхэн холын садангууд минь бүлээн зүрхэнд минь айлчлаач

Улаанбаатар хот. 2014. 03. 27

No comments:

Post a Comment